Нийгмийн ажил

Нийгмийн ажлын онол

2014 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Энхбадрал

Давуу талд тулгуурлах хандлага

Хүн бүхэн зорилго тэмүүлэлтэй, авъяас чадвартай байдаг. Түүнчлэн хүнийг агуулж буй орчин нь ямарваа нэгэн нөөц боломж, дэмжин туслах харилцаа холбоог өөртөөбагтаасан байдаг. Давуу талд тулгуурлан нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх үзэл баримтлал нь:

• Сул тал, хүндрэл бэрхшээлээс илүү давуу тал, нөөц боломжийг эрэлхийлэх

• Бэрхшээл саадыг тоочихоос илүү боломжит олон хувилбарыг гаргах

Үйлчлүүлэгчийн эмгэг, доголдолтой байдлыг тодорхойлохоос илүү сайн тал, авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд ач холбогдол өгөх бодит орчинг бүрдүүлэх боломжийг олгодог. Давуу талд тулгуурлана гэдэг нь хүний амьдралд нөлөөлж буй хүчин зүйлс ба түүнийг эерэгээр өөрчилж, хөгжүүлж чадахуйц арга замыг эрж хайх явдал юм.

Зорилго: нийгмийн ажлын үйлчилгээний үнэлгээ, хэрэгжилтийн үе шатанд нийгмийн ажилтны анхаарлыг үйлчлүүлэгчийн давуу талд хандуулна. Ингэснээр тулгамдсан асуудлаа шийдэх, зорилгоо биелүүлэхэд дөхөм болдог.

 Хэрэглээ: Энэхүү хандлага нь ямар ч үйлчлүүлэгчтэй ажиллах үед, үйлчилгээний бүхий л шатанд хэрэглэгдэнэ. Энэ нь нийгмийн ажлын онол, үйлчилгээний загварт нэлээд өргөн хэрэглэгдэж, тусгалаа олсон.

Агуулга: Ерөнхийдөө давуу талд тулгуурлах хандлага нь үйлчлүүлэгчийн давуу тал, хүч нөөцийг илрүүлж, үнэлэх бөгөөд түүнд тулгуурлан үйлчилгээ хүргэхэд чиглэгддэг. Үйлчлүүлэгчийн давуу тал нь түүний хандлага, туршлага, чадвараар тодорхойлогдоно. Энэ хандлагын гол санаа нь үйлчлүүлэгч бүхэнд давуу тал, хүч нөөц байна гэж үзэх бөгөөд түүнийг илрүүлж, хөгжүүлэх нь нийгмийн ажилтны үүрэг юм. Мөн үйлчлүүлэгчийн давуу талыг урьдчилан харсанаар үйлчлүүлэгчийн өөрийгөөхүндэтгэх үзлийг нэмэгдүүлэхэд туслана. Ерөнхийдөө энэ хандлага нь “чадваржуулах” гэх ойлголттой тун ойролцоо агуулгатай.

• Бэркер чадваржуулалтыг тодорхойлохдоо “хувь хүн, гэр бүл, олон нийтийн дотоод хүч нөөц, нийгэм эдийн засаг, улс төрийн давуу талыг нь нэмэгдүүлэхэд туслах үйл явц бөгөөд эдгээр нөхцөл байдлыг сайжруулах замаар тэдний ”хөгжилд нөлөөлөх явдал юм” гэжээ.

 Дэлгэрэнгүй»

Нийгмийн ажилтны үүрэг, ур чадвар

2014 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Энхбадрал
Аливаа мэргэжил бүр мэргэжилдээ гүйцэтгэх тодорхой үүрэг үйл ажиллагааны хүрээнд тодорхойлогддог. Үүнтэй холбоотойгоор нийгмийн ажилтаны мэргэжлийнхээ үүргийг гүйцэтгэж байхдаа тухайн үед нийгмийн ажилтаны хүлээж буй. Нийгмийн бодож сэтгэх хэрэгтэй. Тэрхүү байр суурин дээр ажиллаж буй байр сууриар нь тодорхойлдог үүргээ хэрхэн гүйцэтгэх нь тухайн хувь хүний хэрэг байдаг боловч, юу хийж болох юу хийж болохгүй заасан мэргэжлийн хил хязгаар гэж байдаг.
Мэргэжлийн үүргүүдийг тодорхойлох
Тухайн мэргэжлийн гишүүдийн нийгэмд гүйцэтэгж буй үйл ажиллагаа нь нийгмийн түүхэн уламжлалаар тодорхойлогдоно. Үүрэг нь нийгмийн салбарын хүрээнд төлөвшин тогтсон мэргэжлийн үйл ажиллагаа болон зан байдал гэж тодорхойлогддог бөгөөд нийгмийн ажилтан нь практикт байнга хийгдэж байна.
Нийгмийн ажилтны гүйцэтгэж буй үүрэгт нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байна.
  1. Нийгмийн ажилтны ажиллаж буй зорилго
  2. Хамрах хүрээ
  3. Нийгмийн ажилтны хүлээж буй үүрэг хариуцлага
  4. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ
  5. Нийгмийн ажилтны практик ажлын чадварын түвшин
 Дэлгэрэнгүй»

Аз жаргалтай гэр бүл

2014 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Энхбадрал

“НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ” ХУУЛИНД НИЙГМИЙН АЖИЛ

2014 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Энхбадрал

“НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ” ХУУЛИНД 
НИЙГМИЙН АЖИЛ

Нийгмийн ажлыг:

   Нийгмийн ажилтны боловсрол эзэмшсэн, нийгмийн хамгааллын ажлын дадлага, туршлагатай, тухайн ажлыг мэргэжлийн түвшинд эрхлэх чадвартай, эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, мэргэшсэн нийгмийн ажилтан нийгмийн ажлыг гүйцэтгэнэ.

  Нийгмийн ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:

  • Орон нутгийн нийгмийн эмзэг бүлгийн болон ядуу өрх, иргэдийн тоон болон хэрэгцээний судалгаа гаргах;
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлж, шийдвэрлүүлэх; 
  • Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хүсэл зорилго, хэрэгцээгээрээ бүлэг болон зохион байгуулагдахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Нийгмийн эмзэг бүлэг, ядуу, нэн ядуу өрх иргэдийг амьжиргаагаа дээшлүүлэх чадавхитай болоход нь зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
  • Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
  • Нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх; 
  • Нийгмийн ажилтанд хандсан хувь хүний /хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд/ нууцыг чандлан хадгалах;
  • Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, журам, зааврыг сахин биелүүлэх.
 Дэлгэрэнгүй»

"Шинэчлэл"

2014 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Энхбадрал

Сайн байцгаана уу? "Нийгмийн ажил" хэмээх энэ блогийг нээгээд хэдийн 4 жил болжээ. Гэвч Facebook гэх мэт олон нийтийн сүлжээнд сонирхлоо төвлөрүүлэн энэхүү блогоо 2 жил шахам орхисон нь админ миний том алдаа болжээ. Мөн блогт оруулах мэдээ нийтлэлийг заавал өндөр түвшинд байх ёстой хэмээн бодож өндөр шалгуур тавиад түүндээ хүрч чадахгүй болмогц орхисон нь мэргэжлийнхээ болон блог нээж байсан зорилгоосоо урвасан явдал боллоо. Тиймээс энэхүү алдаагаа засахаар зөвхөн МУИС-ын Нийгмийн ажлын 2010-2014 оны оюутнуудад зориулсан бус энэхүү мэргэжлээр суралцаж буй цаашид суралцах мөн Нийгмийн ажилтай холбоотой мэдээ мэдээлэл хайсан хүн бүхэнд нээлттэй, мэдээлэл нэгтгэсэн блог болгох зорилгыг тавилаа. 

 Сэтгэлгээнээс давсан Сэтгэл шаардана

Хүүхдийн эрх -2

2012 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Энхбадрал

Хүүхдийн эрхийн конвенц нь 1989 оны 11 сарын 20нд батлагдсан бөгөөд Монгол улс нь хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн 193 орны нэг билээ. Ингээд "Хүүхдийн эрх" цувралын 2-р хэсэг болгож Хүүхдийн эрхийн конвенцийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Хүүхдийн эрхийн конвенц 

Энэхүү Конвенцид оролцогч улсууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах үндэс болно гэж үзэж,
Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэд итгэдгээ нотолж, нийгмийн дэвшлийг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд илүү эрх чөлөөтэйгээр дэмжлэг үзүүлэх саналтай байгааг анхаарч;

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд болон хүний эрхийн тухай олон улсын пактуудад заасан бүхий л эрх, эрх чөлөөг хүн бүр арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний хийгээд нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад байдлыг үл харгалзан, аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстойг хүлээн зөвшөөрч;

Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж;

гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож;

 Дэлгэрэнгүй»

Хүүхдийн эрх -1

2012 оны 03-р сарын 29 Нийтэлсэн Энхбадрал

Нийгмийн ажил мэргэжлээр 2 дахь жилдээ сурч байгаа гэхэд хүүхдийн эрхийн талаарх мэдлэг маань сурагч байх үеэс маань огт дээшлээгүйг өнөөдөр мэдэрлээ. Би л хувьдаа хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлыг илүүтэй судалж, цаашид хүүхэдтэй ажиллана гэж боддог. Ер нь хүүхдийн эрхийг өөрсдөө л үзэж судлахгүй бол хичээл дээр ойрын үед заах шинж алга. Тиймээс та бүхэнд зориулж хүүхдийн эрх болон түүнтэй холбоотой хууль тогтоомжын талаар цувралаар нийтлэхээр шийдлээ. Ингээд та бүхэнд Хүүхдийн эрх цувралын нэгдэгээр хэсгийг хүргэж байна.
Эх сурвалж http://www.legalinfo.mn
 Хүүхдийн амьдрах салшгүй эрх гэж юу вэ?
Хүүхдийн амьдрах эрх нь түүнийг хүн болж эхийн хэвлийд бий болсны хувьд тохиосон угаас заяасан, салшгүй эрх юм. Хүүхэд амьдрах эрхийн суурь үндэс нь өлсгөлөнгөөс ангид байж эрүүл саруул байх  явдал бөгөөд үүний тулд эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд өсч бойжих хөгжих боломжийг дээд зэргээр хангасан байх ёстой.

 Хүүхдийн эрхийн талаар гарсан олон улсын ямар баримт бичгүүд байдаг вэ?

Мэдээж юуны өмнө хүний эрхийн асуудал яригдаж байгаа болохоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг нэрлэх хэрэгтэй юм. Энэхүү тунхаглалд хүүхдүүд онцгойлон асрамжлуулан хамгаалуулах эрхтэй гэж заасан билээ. Түүнээс гадна Хүүхдийн эрхийн 1924 оны Женевийн тунхаглал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1959 оны чуулганаар баталсан Хүүхдийн эрхийн тунхаглал, мөн Ассамблейн 1989 оны чуулганаар баталсан Хүүхдийн эрхийн тухай Конвенци нь хүүхдийн эрхийн талаархи тулгуур баримт бичгүүд юм. Эдгээр үндсэн баримт бичгүүдэд тулгуурласан олон талт гэрээ буюу Конвенциуд нилээн олон байдаг. Мөн түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагаас гаргасан дүрэм, журмуудыг хамааруулна.


 “Хүүхдийн эрхийн тунхаглал” гэж юу вэ?

Олон улсын байгууллагын гишүүн улсууд хуран цугларч тулгамдаж байгаа асуудлаа шүүн хэлэлцээд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллахыг уриалан гаргаж байгаа баримт бичиг гэж ойлгож болох юм. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1959 оны чуулганаар баталсан Хүүхдийн эрхийн тунхаглалд “Хүүхдийг бага насны жаргалтай ахуй нөхцөлд байлгах, тэдний хувийн болон нийгмийн сайн сайхны тусын тулд эцэг, эх, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, сайн дурын байгууллага, орон нутгийн эрх барих байгууллага, үндэсний засгийн газар энэхүү тунхаглалд зарласан зарчмуудыг хүлээн зөвшөөрч мөрдөж байхыг уриалж байна” гэж заасан байдаг.


 Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн гол агуулгыг товч хэлнэ үү?
Энэхүү конвенци нь 2 бүлэг, 54 зүйлээс бүрдсэн томоохон баримт бичиг юм. Үүнд оролцогч улсууд хүүхдийн үндсэн эрх, эрх чөлөөний тухай болон түүнийг хангахдаа баримтлах зарчмууд, конвенцийг хэрэгжүүлэх арга зам, оролцогч улсын үүрэг, конвенцид нэгдэн орох журам зэргийг багтаасан байдаг. 



Энэ Конвенцид тусгалаа олсон үндсэн эрх, эрх чөлөөг багцалж хэлбэл, юуны өмнө хүүхэд бүрийн амьдрах эрх, өөрийн эцэг, эхийг мэдэх, тэднээр халамжлуулах эрхийг тунхагласан. Цаашилбал, эвлэлдэн нэгдэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтлэгтэй байх, мэдээлэл хүртэх, хүүхэд хүчирхийлэл, доромжлол, мөлжлөг, садар самуунаас хамгаалагдсан байх, хууль ёсны дагуу үрчлэгдэх, тахир дутуу болон оюуны хомсдолтой хүүхдүүд онцгой халамж, анхааралд байх, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамж хүртэх, боловсрол эзэмших, амрах, чөлөөт цагаа зүй зохистой өнгөрүүлэх, хөдөлмөр эрхлэх, гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл гэм буруугүй байх, өмгөөлүүлэх зэрэг хүүхдийн эрх, эрх чөлөөний талаар нарийвчлан тус тусад нь заасан байдаг. 


 Манай улс хэдэн онд нэгдэн орсон бэ? Олон гишүүнтэй юу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 5 дугаар сарын 28-ны 126 дугаар зарлигаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон 5 дахь гишүүн-орон болсон. 2004 оны байдлаар 196 улс /2000 онд 191 улс/ нэгдэн орсон байгаа нь олон улсын соёрхон баталсан баримт бичгүүдээс олон гишүүнтэйд тооцогддог буюу олон улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн байна. 


 Манай улсын хүүхдийн эрхийг хамгаалж байгаа хууль тогтоомж нь Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн үзэл санаанд нийцэж чаддаг уу?
Төрөөс Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн үзэл санаанд нийцүүлэн хүүхдийн талаархи үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг шат дараатай хийж ирсэн. Монгол Улсад өнөөгийн байдлаар 300 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 60 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхийн холбогдолтой 350 орчим заалт тусгагдсан байна. Түүнчлэн 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай бие даасан хууль гаргасан нь энэ чиглэлээр хийсэн том алхам гэж үзэж болно. Энэ хуулийг олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэх, практик шаардлагын үүднээс боловсронгуй болгох зорилгоор 2003 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 


 Дэлгэрэнгүй»

Аян замын тэмдэглэл 5. - Сайхан зүүд зүүдэлсэн юм, хүү минь ирэх байж

Хэнан шенгийн гудамж зээлээр төвд монгол нь мэдэгдэхгүй түрэмгий ширүүхэн улсын дунд гутлынхаа халцарсан хоншоорыг ширтэн дуугүйхэн гэлдэрч явахдаа юунд ч юм жигтэйхэн их гуниглаж байлаа. Ийнхүү өлөг өвчтэй хүн шиг баахан тэнэсний эцэст юу ч болсон нэг настантай уулзаж аяга бүлээн цай оочлонгоо ганц нэг юм асууж шалгаагаад авахаар шийдэв. Ахиад л ажлыг нь хийлгэхгүй дуудах боллоо нөгөө муу орчуулагч “эрдэмтнийгээ”. Манай хүн ч цааргалалгүй давхиад ирлээ. Намайг очсон цагаас эхлээд л баярлаад хөөрөөд, цаг зав л гарвал “Монголын сонин ярь” гээд шалгаагаад суучихдаг хүн. Би ч Монгол Улсын сонинг дуртайяа хуучилна. Юу асууна, тэрэнд нь хариулна. Нутгаа санаж явааг ч хэлэх үү, ярих хачин дуртай болчихож. Хөх хотод хэдийгээр элэг нэгтнүүдийн дунд байгаа ч Улаанбаатараа л санаад заримдаа ч “уяанаасаа алдуурчихмаар” болно.

            -Монгол улсад олон эхнэр авдаг болжээ гэж манай энд яригдсан, энэ үнэн юмуу? Бүр нэгээр тогтохгүй нэлээд хэдэн “худлаа хэлэхгүй” хүн хэлсэн шүү...

            -Худлаа, худлаа. Тийм юм ёстой байхгүй. Хууль нь ч байхгүй юм чинь. Олон эхнэр авахын тулд чинь эхлээд ядаж хуультай болох хэрэгтэй биз дээ? Монгол улс ардчилсан бусад улс орны адилаар хүний эрхийг дээдэлж хувь хүний үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг ямагт хүндэтгэдэг. Яахав, зарим нэг хүмүүс наргиан наадам болгож “Олон эхнэртэй болох хууль батлуулъя” гэж алиалдаг л байхгүй юу. Юу гэж энэ хөгжил дэвшлийн 21-р зуунд монголчууд тийм балай юм хийж байхав дээ.

            -Оо заза. Сайхан юм. Нээр

ээ монгол хүн олон эхнэрээр ч яах вэ дээ гээд л манай залуу цайлгахнаар инээн өөрийгөө шоолно. Тэгснээ л тэсгэлгүй ахиад л хөгийн хөгийн юм асууж эхэлнэ. Хоёулаа ийнхүү төвд сууринг монгол инээдээр хөгжөөсөөр нэгэн настныд ирлээ. “Эрдэмтэн” маань эхлээд утсаар ярьчихсан болохоор настан үүдэндээ зогсож байлаа. Бид хоёр дэмий балай юм ярих сан гэж ам загатнахдаа унаанд суулгүй алхсаар ирсэн юм. Хөөрхий нэлээд даарчихсан бололтой гаднаа хүлээж зогсоо настныг хараад яаралгүй алхсандаа үнэхээр гэмшлээ.

            -Заа, сайн байна уу Та? Сайхан өвөлжиж байна уу гээд мэндэлсэн чинь өвгөн өөдөөс

            -Сайн байна уу гэж байна. Монголоор дуугарчихав уу даа гэж бараг цочих шахуу зогтустал орчуулагч маань араас нударч би ч бантсандаа чигээрээ алхаад гэрт нь орж явчихав. Эндэхийн айлууд бие биенээ дуурайгаад хийчихсэн юм шиг яг адилхан жижиг шавар байшингуудад сууна. Гаднаа хэцтэй, таславч бүхий үүдэн хэсэгтэй, хоёр өрөө шавар тагз. Хаанаас нь ч харсан хятад газрын оромж. Дотроо харин харьцангуй тохилог. Өвөө араас орж ирээд пийшин дээр даргилж байсан данхтай хар цайнаас шаазан аяганд хийгээд барилаа. Төмөр тавган дотор боов боорцог гаргаад таваглаж байна. Эргэнэгнийхээ ар өврөөс борлочихсон даавуу ууттай чихэр боорцог гаргаж ирэн түнтгэнэж байх нь эмээтэй минь эгээ адилхан. Нэг их сайхан санагдаад сэтгэл цадаад явчихлаа. Ядарч зутарч явахад тохилог хээнцэр зочид буудалд биш ийм нэг борог тарчигхан ч гэлээ гэрийн дулаанд ороод ирэхэд л сэтгэл санаа амраад тайвшраад явчихдаг юм.

Өвөөтэй хууч хөөрлөө. Өвөө асуусан бүхэнд айхтар цэгцтэй нямбай хариулах мөртөө өөрөө санаачилж “буу халахгүй” юм. Хэлмэрч маань бид хоёрын үгийг нааш цааш нь болгож байх зуур өвөө хэдийнэ ухасхийж босоод цай цүй болоод л түнтгэнэчих юм. Аян холын хүн ядарч яваа гэж бодож байгаа нь харваас андашгүй. Өвгөнөөс үүх түүхийн учир жанцан тодруулах гэж хэдэнтээ оролдоод барсангүй. Мань хэлмэрч “Би танд хэлээд байгаа шүү дээ. Настнууд маань ч түүхээ мэдэхгүй. Тэгэхээр мэдэхгүй юмыг нь ахин дахин асуух хэрэггүй ээ. Өвгөн сандарчихна” хэмээн эвтэйхэн мулталж байна. Өвөө харин надаас Монгол Улсын сонин сайхныг асуугаад орчуулагчийг цангааж орхилоо.

            -Монголчууд маань Цагаан сараа тэмдэглэж байгаа юу, эсвэл нөгөө Христийн баярыг тэмдэглэдэг үү?    

            -Цагаан сараа тэмдэглэлгүй яахав. Шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч улсынхаа хамгийн өндөр настныд очиж золгодог...

            Хэлмэрч залуу уулга алдан “Нээрээ үнэн үү” гээд сүйд. Тэр хөөрлөөрөө сүртэй ч орчуулав бололтой. Орчуулж эхэлтэл өвөөгийн нүдэнд нулимс мэлтрээд ирлээ. Өвөө нулимсаа эрээ бараагүйхэн шударчихаад ахиад л асуулт асууна.

            -Монгол маань одоо дэлхийн улсуудын хаахна явна, хөгжлөөрөө?

            -Нийгмийн тогтолцоо, залуусын боловсрол, улсын нийт иргэдийн эрүүл мэндийн түвшингээрээ бол дэлхий нийттэйгээ хөл нийлүүлж яваа. Монголд баян ядуугийн ялгаа эндэхийнх шиг биш ээ. Нийтээрээ хангалуун, эрх чөлөөтэй амьдарч, сурч боловсорч байна. Хүн амын тоо ч өсөн нэмэгдэж байгаа. Олон хүүхэд төрүүлсэн ээжид төр засаг одон медаль өгдөг, бас хүүхдүүддээ төрөөс мөнгө өгдөг.

            -Ямар сайхан бэ гээд өвгөн хэнгэнэтэл санаа алдаад тачигнатал гэнэт инээд алдах нь “Үхсэн ч гомдолгүй боллоо” гэж хэлэх шиг...

            -Өвөө, та энд ямар ажил алба хашиж байсан бэ, эсвэл малаа л дагасан уу?

            -Би уг нь энэ хажуугийн Хүйсэн сумын хүн юмаа. Хүйсэн гэдэг чинь монгол нэр шүү дээ хүүхээ /гэж хэлээд над руу сүрхий нухацтай харав/. Намайг Гаадаа гэдэг. Аавыг минь Абу гэдэг байсан. Би олон жил ардын төлөөлөгч хийсээн. Малчдын амьдрал ахуйг хянаж мэдээлдэг, цалин хөлсгүй нэг тийм ажил даа. Би уг нь ижий ааваас 11-үүлээ хүн юм. Хоёр ах минь Соёлын хувьсгалын үед биеэ хорлосон. Бусад нь ч насалж жаргаж гавьсангүй өөр өөрийнхөө жам мөрөөр өөд болцгоосон. Одоо 70 гарсан өвгөн ганцаараа үлдчихээд л байна даа. Хүний үйлийн үр гэдэг хэцүү юм даа. Өөрөө би зургаан хүүхэдтэй. Гурав нь бас үгүй болсоон. Одоо ганц хүү, хоёр охин мал дээр байгаа даа. Энэ газарт монгол хүн нэг их урт насалдаггүй юмаа...

            Юм асуух гэсэн чинь хоолой дээр бөөн юм зангирчихаад дуугарч болсонгүй. Дэмий л тараг халбагадаж суулаа. Өвгөн намайг ирэхэд жигтэйхэн хөөрөөд “Хэдэн өдрийн өмнө би хүн болсоор үзээгүй хачин сайхан зүүд зүүдэлсэн юмаа. Эмгэндээ ярьж өгөөд нэг л сайхан юм болох нь дээ гэж хоёулаа хөөрцөглөж суусан юм. Тэгтэл эмгэн өнөөдөр яагаад ч юм гэнэтхэн бүр холын айл руу майжигнаж очоод тараг аваад ирсэн. Тэгсэн мөртөл хоёулаа таргаа идсэнгүй шинээр нь хадгалаад байж байлаа. Хүү минь ирэх байж...

Өвгөний хөл газар хүрэхгүй хөөрнө. Эмгэнээ л дуудчихмаар байна, эмгэнтэй минь уулзаад яв гэж гуйсаар байтал нь яараад босоцгоолоо. Орчуулагч маань нэг монгол хэлтэй андыгаа дуудчихсан, их холоос ирж байгаа юм гээд байдаг. Нөгөө хүн нь оройн зоог барихаар хоолон гэрт мах чануулчихаад хүлээж ядан утас цохиод арга буюу хөдлөх боллоо. Өвгөн биднийг ирэхэд хүлээж зогссон яг өнөө газраа хадаатай юм шиг үлдлээ. Гараа далласан чинь өөдөөс гар далласангүй, харин алга хавсарч байгаа харагдлаа. Хангинатал уйлмаар санагдсан ч нулимс их хол байлаа...

Аян замын тэмдэглэл 4. - Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу?

2012 оны 02-р сарын 08 Нийтэлсэн Энхбадрал

Аян замын тэмдэглэл 4. - Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу?

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Занданхүүгийн  Хятадын Чингхай мужаар аялж яваа тухай түүний аян замын шинэхэн тэмдэглэлийн 4-р хэсгийг уншиддаа хүргэж байна.

            Хүлхгэр дээлтэй хүрэн улаан царайтай энэ хүмүүсийг аль нь төвд аль нь монгол гэдгийг нь ялгах арга байхгүй. Харин манай орчуулагч залуугийн яриагаар “монголчууд бол андашгүй” гэнэ. Тэд хэдийгээр төвдөөр ярьж байгаа ч соёл сэтгэлгээний хувьд яагаад ч ижилсэхгүй, илүү сэхээлэг, соёллог хэмээн ярьж байлаа. Эндэх монголчуудыг түвдээр Суху гэж нэрлэдэг ажээ. Суху гэдэг нь үгчилж орчуулбал “далчин” гэсэн төвд үг бөгөөд монголчууд анх ирж суурьшихдаа бөөгийн шашны зан үйлийн нэг хэлбэр болох “дал шатааж төлгө тавих”-ыг төвдүүдэд зааж байжээ. Явуулын хүнээс “Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу” гэж асуугаад Сухуд гэвэл монголчуудтай уулзах хүн байна гэж ядах юмгүй таачихна. Суху гэдэг нь тусдаа газрын нэр биш мөнөөх л Хэнанаа хэлж буй хэрэг. Тийн атлаа нэг газрыг төвд монголоор нь хоёр хуваан ийн нэрлэдэг аж.

Хуаннан жү нь дотроо зургаан шентэй. Жү гэдэг нь манайхаар хошуу хэмээн орчуулагдаж харин шен гэдгийг нь сум гэж хөрвүүлэх боломжтой. Тэгэхдээ Хятад Түвдийн хошуу болоод сум нь оршин суугчдынхаа тоогоор Монголын бараг нэг хот, аймагтай тэнцэх тул уншигчдынхаа ойлголтыг төөрүүлэхгүйн тулд засаг захиргааны нэгжийг нь хятад нэршлээр нь бичлээ. Мөн Өвөрмонголын хошуу, сум гэх ойлголт нь Төвд газрынхаас өөр ажээ.

Хуаннан жүгийн зургаан сумын хоёр нь болох Хүйсэн, Сэрмүлэн /өвсний соргог гэсэн монгол үг/-гийн монголчууд харьцангуй хожуу үед буюу 1960-1970-аад оноос монгол хэлээ гээжээ. 1980-аад оны дунд үед монгол бага сургууль хаагдаж багш нар нь амьдралын эрхээр хот газар бараадаж сурагчид нь уйлаад үлдэж байсан гэх. Надад хэлмэрчилж яваа залуу тэр сургуулийн сүүлчийн сурагч. Дөнгөж монгол бичгээ сурахаар эхэлж байх үед нь сургуулийг гэнэт хаах шийдвэр гарчээ. Ингээд тэрээр Хайши жү буюу Хөхнуурын баруун эргийн Дээд монголчуудын үндэстний бага сургууль руу сураар оджээ.

Өндөрлөг уулын бүсэд малаа дагаж он цагийн уртад монгол соёлоо хадгалсаар ирсэн Хөхнуурын Хайши /Хай гэдэг нь хятадаар нуур, ши гэдэг нь баруун гэсэн үг/-ийн монголчууд  энэ нутагтаа монгол соёлын цөм нь болон оршсоор иржээ. Хөхнуурт байгаа 80 түмэн монгол /Хятадын хүн амын статистикт ийнхүү дурдсан байдаг/-ын тэн хагас нь Хайшид, үлдсэн хагас нь Хэнанд болон бусад ганц нэг шен гацаанд байдаг ажээ. Иймээс Хэнаны монголчууд Хайшийн Дээд монголчуудыг хамгийн ойрын саднаа гэж үздэг. Үнэхээр ч нэг цаг үед буюу 1636 онд Гүш хааныг дагаж ирэн Хөхнуур Төвдийн өндөрлөгт хаан сууж энэ газрыг эрхшээж байсан баатарлаг дээдсийн удам аа. Дөрвөн ойрадын холбоог тэргүүлж байсан Хошуудын хаан Төрбайхын хүү Даш баатарыг таалал төгссөний дараа түүний хүү Лувсанданзан Хөхнуурын бүх Монголчуудын эзэн залгамжлагчаар өргөмжлөгдсөн ажээ. Тухайн үед Манжийн төр нутаг орныг захирагч ноёд түшмэддээ Чин ван цол өгдөг уламжлалын дагуу Хөхнуурын Монголчууд Лувсанданзангаа Чин ван хэмээн өөрсдөө өргөмжилж байх тэр үес Төрбайхын ач Бошгот Жинүүний хүү Цагаан Данзан вангийн хэргэмийн төлөө авгатайгаа шөргөөлцөж эхэлжээ. Чухам яг энэ үед тухайн үеийн Далай ламыг баривчлан авчирч тушаахыг Хөхнуурын монголчуудад Чингийн төрөөс зарлиг болгожээ. Харин хошууд монголчууд Далай ламыг Манжийн төрд хүргэсэнгүй. Угийн жөтөөрхөж явсан Цагаан Данзан Манжийн хаанд очин “Далай ламыг хүргэсэнгүй энэ учир Лувсанданзангийнх” хэмээн хошуу өргөж Хөхнуурын чин вангийн хэргэм хүртжээ. Ийнхүү хошууд монголчууд хоёр Чин вантай болсон байна.

Зүүнгар Төвдийг цохих үед Чингийн төр Лувсанданзангаар Зүүнгарыг цохиулж оронд нь Чин ван хэргэмийг нь буцаахын хамт Гүш хаан цолыг нь сэргээж өгнө хэмээн тохиролцсон ч амлалтаа биелүүлсэнгүй. Иймд Чингийн төрөөс олгодог бүх хэргэм зэргийг хэрэгсэхгүй, монгол цол хэргэмүүдээ сэргээн Хошууд хаант улсаа сэргээн байгуулъя гэж Хөхнуурын бүх хошууны ноёд Цагаан толгойд цуглан зөвшилдөхөд Цагаан Данзан очсонгүй. Тиймээс эхэлж дотоодоо түвшитгэе хэмээн Цагаан Данзанг цэрэглэн цохисон ч тэрээр зугтан Чингийн өмгөөлөлд очжээ. Ингээд Чингийн гурван замын цэрэг Лувсанданзангийн бослогыг дарж Цагаан Данзанг Хөхнуурын Чин вангаар өргөмжилсөн байдаг. /Энэ үеийн тухай зүрх өвдтөл шүлэглэсэн “Гасын цагаан дэрс” хэмээх дууг дээд монголчууд эрхэмлэн дуулсаар өдгөө хүрчээ/. Тэр үеэс Цагаан Данзанг дагасан Хэнан /”Хэ” гэдэг нь хятадаар гол, “нан” гэдэг нь өмнөд гэсэн үг бөгөөд Хатан гол буюу Шар мөрний өмнөд хэсгийн монголчуудын нутгийг Хэнан хэмээн нэрлжээ/-ы буюу монголчууд шарын шашинд нэвтэрхий орж, харин Хөхнуурын баруун бие Хайшигийн хошууд /Лувсанданзангийн/ монголчууд эзэн вандаа тэрслээгүй ч эгэл номхон ардын хувиар малаа даган амьдарсаар Дундад их гүрний шуурган хөгжлийн эл цаг үетэй золгожээ./Эл дашрамд дурдахад 2006 онд би Хайшийн буюу Хөхнуурын монголчуудын тухай “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн” хэмээх аян замын цуврал тэмдэглэлүүд бичин Монголын нэлээд хэдэн цахим хуудсуудад тавьж байсныг эрхэм уншигчид санаж буй биз ээ/      

...Хөхнуурын дээд монголчууд руу амь тэмцэн зорьж очсон манай залууг том жижиггүй гайхаж “Энэ нэг төвд хүүхэд яагаад монгол сургуульд сурах гээд зүтгээд байдаг юм бэ” хэмээн ихэд сониучирхан угтаж байсан гэдэг. Ганц ч монгол үггүй тэрээр эхлээд хүүхэд багачуудын доог болж байсан ч угийн монголдоо сэтгэлтэй найрсаг Дээд монголчуудын халамжинд төдий удалгүй эх хэлээ сурч, багш нарын хамгийн хайртай сурагч болтлоо дэвшсэн байна. Удалгүй Хөхнуурын монгол үндэстний их сургуульд суралцан төгсч ирээд төрөлх Хэнан шендаа засгийн ажил хийжээ. /Энэ газарт Засгийн алба хашихын тулд хятад төвд хэлэндээ маш гаргуун байх ёстой/. Таван үеийн өмнө мартагдсан монгол хэлээ “нөхөж” сурсан түүн шиг  “эрдэмтэй номтой хүн” энэ шенд дахин гарсангүй. Хөгшчүүл нь түүнийг “хол явах хүү” хэмээн хэлэх үгээ олохгүй магтана.

Нэгэн настантай уулзахад тэрээр, “Хөдөө амьдардаг төвдүүд соёл дорой. Монгол улс байдаг гэдгийг ойлгодоггүй. Хэнан шенгийн монголчуудаар Монголыг төсөөлдөг. Бид улстай үндэстэнтэй гээд хэлэхээр Хятад улсыг хэлж байна гэж ойлгодог. Эсвэл Хөхнуурын Дээд монголчуудыг түших нөмрөө болгож байна гэж боддог. Залуус бас төвдүүд шиг харанхуй болж байна. Бичиг үсгээ мартсан, түвдээс өөр хэлгүй, ядаж хятадаа ч сураагүй. Энэ газраас өөр газар явъя аа хэлгүй, хөлгүйтэй адил болжээ. Монгол улс бий гэдэг үгийг настнуудынхаа ярьдаг үлгэр гэж төвдүүдтэй адил боддог болсон нь хамгийн харамсмаар. Одоо бид бүгд төвдүүдэд хайлсан учир Сухутай уулзъя гэж зорьж ирэх монгол хүн байхгүй ээ. Биднийг монгол гэж үзэхгүй хаяжээ, халаг. Хаягдахаас аргагүй учир бас байна аа. Бид хэлээ мэдэхгүй ээ, түүхээ бас мэдэхгүй ээ. Тэгэвч төвдүүдтэй хэрэлдсээр үзэлцсээр байна аа. Нэг усанд живж байгаа боловч нэгийгээ үзэх тангарагтэй. Үр хүүхэд харанхуй болж байгаа нь хамгийн хэцүү еэ. Сэтгэл амар нүд аних аргагүй ээ. Үр хүүхдээ энд үлдээж үхэшгүй ээ. Монголоо бараадаг гэж их бодно оо. Өвөр Монгол руугаа явуулъя улс зөвшөөрөхгүй, тийм бяд бидэнд бас байхүй ээ” хэмээн цөхрөн үглэж байсан юм.

Энэ нутагт өвгөд настнуудтай уулзавч үүх түүхээ үл мэдэх байдал нь намайг үнэнхүү гайхшруулж байсан юм. Та бүхэн энэ газарт хэдийд нүүдэллэж ирсэн, ямар дээдсийн хойчис вэ гэхэд хариулах хүн олдоогүй. Бид монгол хүмүүс, төвдүүдээс өөр шүү гэхээс өөр үг хэлж үл чадна. Аливаа улс үндэстний бичиг үсэг гэдэг тухайн улс орныхоо түүхийг тээж явдаг ажээ. Түүхээ мэдэхгүй ард түмнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг нь тун чиг оносон адилтгал юм гэх бодол гол харлуулж билээ.

Аян замын тэмдэглэл 3.-Монгол улс минь байгаа цагт “сайхан” үхэж чадна

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Занданхүүгийн Хятадын Чингхай мужаар аялж тухайн нутаг оронд амьдардаг монголчуудтайгаа уулзаж яваа тухай түүний аян замын шинэхэн тэмдэглэлийн 3-р хэсгийг уншиддаа хүргэж байна.

          Хонины нэхий, кока кола, сарлагийн борц, хятад шаахай, ясан эрхи, цусан эвэр гэхчилэн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг өнгө алаглуулан өрсөн зээлээр хүн малын ялгадас гишгэчихгүйг хичээн самгардаж явтал яг өмнө минь зодоон цохион болоод явчихлаа. Зээлийн эхэнд явахад л хоёр төвд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Гэтэл гэнэт тас няс буугаад явчихсанд хэлмэрч залуугаасаа учрыг асуулаа. Тэгсэн хашир хэлж байна. Энэ хоёр эхлээд нэг барааг булаалдан хэрэлдэж эхэлжээ. Тэгтэл нэг нь чи бид адилхан Хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд хаа холдох вэ гэхэд нөгөө нь “Чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол хүн” гэсэн байна. Нөгөө төвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад “Чамайг би тэгвэл алчихъя л даа” гээд дайрчээ. Гэтэл монгол нь “Би бол үхсэн ч үлдэх улс оронтой хүн, алагдахад гомдолгүй. Харин чи урт наслаарай, чамаар чиний улс дуусаж байгаа шүү” гэж хорыг нь маажсан аж. Ийм хэрүүл байнга болж заримдаа буу шийдэм, хутга мэсэндээ тулдаг гэнэ.

Гаднаас нь харахад хоёр төвд хоорондоо төвдөөр хэрэлдээд байдаг. Гэтэл улс үндэстэн дамнасан “олон улсын” хэрүүл хийж байх нь нэн хачирхалтай. Төвдүүд шаралхахаараа “Чи тэгвэл эх хэлээрээ ярихгүй юунд манай хэлээр яриад манай хувцасыг эгэлдрээд яваа юм бэ” гэж монголчуудын хорыг малтдаг. Монголчууд нь болохоор “Эх орон чинь та нараар дуусч байгаа шүү, урт наслаарай” гэж тавлан хариугаа авдаг ажээ. Харин Хятадын эсрэг заалдах болбол мөнөөх эвлэршгүй дайснууд чинь атгасан гар шиг нэгдэж аваад ханцуй шамлан орж явчихдаг гэнэ.

            Энэ өдөр Хэнан шенгийн гудамжаар хүн ёстой багширч байлаа. Торгон дээлийнхээ энгэр хэсгийг далдартал том том шүр зүүж ханцуйгаа сугалдарсан ганган эмэгтэйчүүд, хөдсөн гадартай хоргой эмжээртэй төвд дээл хөглөрүүлсэн эрчүүд, хүүхдээ нуруундаа үүрч дүүрч түүртсэн эхчүүд гээд төвд монгол холилдсон олон түмэн зай завсаргүй сүлжилдэнэ. Төвөөс ядуу буурай айл өрхүүдэд тусламжийн бараа таваар олгох болсон сургаар хөдөөнийхөн ийнхүү шенгийнхээ төвд орж ирцгээжээ. Тусламж авах айл өрхийн тоонд орсон эсэхээ ч магадлалгүй морь мотоциклио хөлөглөн хөөрцөглөөд ирж.

Тусламж тараах ажиллагаа төв талбайд эхэллээ. Хятадууд төрөөс хуваарилсан атга будаа, чимх гурилаа тараах гэж ёстой л нэг сүрийг үзүүллээ. Будаа гурилаасаа үнэтэй баймаар том анонс өлгөж, улаан бүрээстэй сандал ширээгээр тайз засан, буутай хамгаалагч зогсоож байгаад л нам төрийнхөө бодлогыг сайшаан магтаж гарлаа. Удтал магтан сайшаасан мөнөөх ярианаас нь илүү өмнө нь хураалгаастай гурил будаанд нь л ардуудын нүд хоргодоостой. Нүдэн баримжаагаараа жинлэж, орой оройны хоол ундандаа тааруулан банжиж байна уу гэлтэй. Тусламжийн хүнснээс хувь хүртчих сэн гэх хүсэл хүн бүхний нүдэнд илхэн, түүнийгээ ч нууж хааж эрээлж байгаа шинжгүй, нүд нь шуудайтай гурилнаас салахгүй. Хотын хүмүүс хөдөө явахдаа хүүхдийн нүд хуурах хэдэн чихэр цүнхэлж явдгийг санаад энэ хүмүүс хүүхдээс өөрцгүй өрөвдмөөр нялх сэтгэхүйтэй болохыг зүрхшин харж байлаа.

Тусламж тараах ёслол өндөрлөхөд хувь хүртээгүй хэсэг нь бодож санах ч юмгүй мотоциклио сүрхийтэл асаан сархийтэл инээлдээд дүрхийтэл давхиад явчихлаа. Харин тусламж хүртэгсэд нүүрэндээ баяр хөөр тодруулсаар шенгийн гудамж зээлийг метрлэн хоршоо дэлгүүр хэсэн хоорондоо мөргөлдсөөр өдрийн хугас явцгаав. Чихэр жимс, хоол ундны голдуу жижигхэн түнтгэр богцуудыг хувцас хунарынхаа нэг хэсэг шигээр биендээ дүүжилж бөндөгнүүлсээр яваа тэднийг хараад ахиад л шимшрэв.

Харин тэд маань бодож санасан юмгүй, цагаахан инээмсэглэл гэрэлтүүлж, харь гаригийн зочин харж байх шиг хачин жигтэй нүдээр намайг ширтэн улаан цайм нүдэн дээр минь миний тухай эрээ цээргүй ярилцан тас тас инээнэ. Өмсөж зүүснийг минь шоолон хэрдээ л гоочилж байх бололтой. Өндрийн салхинд зутраад ноосон малгайн дээрээ хүрэмнийхээ юүдэнг дараад өмсчихсөн, нүүр нүдгүй ороолт давхарлаад ороочихсон, нүдний шил нь цантчихсан  хачин л юм харагдаа л даа тэдний хувьд. Харин төвдүүд хасах гучин хэмийн хүйтэнд энгэр заамаа ил гаргачихсан, хөдсөн дээлээ сугалдаргалчихсан явах нь ерийн үзэгдэл. Мотоциклиэ асаагаад хөдлөхдөө харин дээлээ ханцуйлж, захыг нь босгоод, толгой бие нь ялгагдахгүй нэг л хачин уул овоо шиг хүнхийсэн юмнууд болж аваад давхиж одно. Уул руугаа учиргүй яарахыг нь яана...

Аян замын тэмдэглэл 2. - “Морьтой” ч болоосой...

2012 оны 02-р сарын 08 Нийтэлсэн Энхбадрал

Аян замын тэмдэглэл 2. - “Морьтой” ч болоосой...

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Занданхүүгийн Хятадын Чингхай мужаар аялж тухайн нутаг оронд амьдардаг монголчуудтайгаа уулзаж яваа тухай түүний аян замын шинэхэн тэмдэглэлийн 2-р хэсгийг уншигчиддаа хүргэж байна.

Энэ нутагт морийг маш их дээдэлж, адууны хийморьт сүслэдэг. Тиймээс морьтой холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйл арвинтай. Гүү унагалахад айлын эзэн ямагт унагаа “эх барьж” авна. Шинэ унагыг шандаст сайн хүлэг болгох гэж эгээ л хүүхэд өсгөх лугаа нарийн нямбай ажил болно. Энд хүүхдийг анх морины нуруун дээр гаргах гэж бас нэг лут ажил байна. Настнууд өдөр судар харж, айл хотлоороо цуглан идээ шүүсээ дэлгэн хүүхдийг моринд мордуулна. Хүүхдийг гурван нас хүрэхээс өмнө морь унуулах хориотой. Тусгай ёслол үйлдэлгүйгээр моринд мордуулах бас цээртэй.

Манай хөдөөнийхөн бол бага балчир хүүхдүүдээ хонины мориноос нь эхэлж дасгадаг, номхон морийг хүүхдийн унаа гэж өхөөрддөг. Харин энд бол яг эсрэгээрээ. Нутаг усандаа нэр цуутай хурдан хүлгүүдийг “хүүхдийн морь” гэж нэрлэнэ. Хүүхдийг анх морь унуулахдаа олон түмний мэдэх, нэр хүндтэй моринд мордуулахыг ихэд чухалчилна. Хожим нь тэдгээр хүүхдүүд том эрчүүд болсон үедээ, би тэрний тийм нэрт хурдан хүлгэнд анх мордсон хэмээн бахархан дурсч, энэхүү бахархал нь насан турш хэлэгдэх яриа хөөрөөний чимэг болдог. Анх морь унаж байгаа хүүхдийн жолоог томчуул нь барьж дэмнэхийг хориглоно. Хүүхэд өөрөө жолоо цулбуураа барьж гэр хотоо гурвантаа тойрдог. Түүнийг ийнхүү гороолж ирсний дараа томчуул нь цай идээ дээжилж амар мэндийг нь асуун, аян замдаа сайн явж их юм үзэж дуулав уу гэж хүүхдийг урамшуулдаг. Хүүхэд энэ үед эгээ л том хүн шиг хүндлүүлж байгаадаа урамшин морио дээдлэн бахархах үзлээр лугшиж байдаг. Энэ нутагт монгол ахуйгаас үлдсэн хамгийн гол зүйл нь морин эрдэнэ. Наадам найрын үед монголчуудын уясан морь маш сайн хурдалдаг, Түвд нутагт Хэнанчууд мориороо алдартай гэнэ. Хэнаны төв талбайд аргамаг хүлгийн уран гоёмсог цутгамал бий. Нутгийн захиргаанаас анх эл талбайд сарлагийн хөшөө босгохоор хэлэлцсэн ч монголчууд зад үзэлцсээр байгаад морины хөшөө болгож аваад санаа нь амарцгаажээ.

Ер нь эндэхийн монголчууд заргачаараа алдартай гэнэ. Түвд Монголчуудын хооронд нутаг ус булаалдсан тэмцэл үеийн үед өрнөсөөр, буу шийдэм хөдөлгөж хоёр талаас олон хүний амь насыг үрсэн ч эрх баригч хятадууд олигтой арга хэмжээ авч чадсангүй. Учир нь төвд, монголчууд хятадыг хүн гэж үздэггүй ажээ. Энэ нутагт хууль цааз, цэрэг цагдаа гэхээсээ илүү шарын шашны хэргэм мяндаг өндөртэй гэгээнтнүүд тэдний хэргийг шийддэг байжээ. Харин саяхнаас нутгийн захиргаанаас газар нутгийг нь хуваарилж өгснөөс хойш бэлчээрийн “мөргөлдөөн” зогсчээ.

Эндэхийн Монголчууд урин цагт зусландаа буухдаа айл хотлоороо бие биеэ бараадаж нэг газарт гэрээ тойруулан хүрээ үүсгэж буудаг байна. Чингисийн үеийн аравт мянгатыг санагдуулам эл хүрээгээ тэд “Зөвхөн монголчуудын ёс” хэмээн тайлбарладаг гэнэ. Нээрээ ч  төвд айлууд ингэж буусантай тааралдаж байгаагүй хэмээн орчуулагч маань нотолно. Мөн дашрамд хэлэхэд гэрээ хэрхэн цэвэр цэмгэр барьснаас эхлээд гэрийнхээ гадаа хураасан зүйлс, аргалаа яаж хашаалсан зэргээсээ монгол айл андашгүй танигдана. Төвдүүд шиг хаа тааралдсан газраа хар майхнаа босгоод унаад өгөхгүй, гэр малаа адгуулах байдал нь эрс ялгарна. Ер нь монгол хүмүүс хаа яваа газраа, яаж ядарч зүдэрч байсан ч, хятад түвдүүдтэй харьцуулшгүй эрхэмсэг шүү гэх яриа хөөрөө Өвөрмонголд явахад олонтаа чих шүргэсэн ч цагийн эрхээр хайлж буй үндэстнүүдийн өөрсдийгөө дөвийлгөдөг хийтэй үгс төдийд бодон тоогоогүй сэн. Тэгтэл хэл усаа алдчихсан Хэнаны монголчуудын бургасан тоонотой монгол гэрт сарлагийн сүүгээр сүлсэн аагтай шаргал цайг амтархан оочлох зуураа өвөг монгол ухаан өнгө зүсээ гээтлээ удахын учрыг танилаа. Дэлхийг захирч явсан дээдсийн удам шүү дээ энэ чинь...

Гэсэн хэдий ч... морьтны үр хойчис энд монгол нутаг устайгаа хамт гээгдэж, эх хэлээ алдаж, эрэмгий түүхээ мартаж мориныхоо эмээлээс өөр тухтайхан суудалгүй Монголынхоо сургаас өөр дэмнэх ханьгүй явган сууж нүцгэн жаргаж буйг үзээд “морь муутай” улс юм даа бид гэж хөндүүрлэлээ.

Аян замын тэмдэглэл 1. - Төөрсөөр төрөлдөө...

2012 оны 02-р сарын 08 Нийтэлсэн Энхбадрал

Аян замын тэмдэглэл 1. - Төөрсөөр төрөлдөө...

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Занданхүү өдгөө ӨМӨЗО-нд сурч байгаа юм байна. Тэрээр өвлийн амралтаараа Хятадын Чингхай мужаар аялж тухайн нутаг оронд амьдардаг монголчуудтайгаа уулзаж яваа юм байна. Харин энэ удаад түүний аян замын шинэхэн тэмдэглэлийг уншиддаа хүргэж байна. Өмнө нь Хөхнуурын дээд монголчуудын тухай Б.Занданхүүгийн бичсэн “Ар монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн” хэмээх тэмдэглэл сурвалжлагууд Монголын цахим хуудсуудаар тарж байсан билээ. Хүний төлөө ажиллахаар бэлтгэгдэж буй та бүхэн уншаад нэгийг бодох биз ээ.

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

/Хэл соёлоо мартсан Хэнаны монголчуудын тухай/

Төвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие  цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо төвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний цус махны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Төвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.

Хятадын баруун хойд орны Цинхай муж буюу Хөхнуур Төвдийн өндөрлөгт орших Төвдийн өөртөө засах Хуаннан жүгийн Хэнан шенгийн дөрвөн түм орчим монгол ийнхүү Хятад газар дахь төвдийн тоог “нэмжээ”. Дөрвөн үеийн өмнө гээгдсэн монгол хэлний ор мөр болох ганц нэгхэн монгол үг хааяа тэдний амнаас унах хэдий ч өмссөн зүүсэнтэйгээ үл зохицох мэт харь сонсогдоно. Нэгэн цагт Хошууд хаант улсыг байгуулж Хөхнуур Төвдөд эзэгнэлээ тогтоож асан Төрбайх гүш /Гүш гэдэг нь “гуо ши” буюу улсын багш гэсэн утгатай хятад үг. Төрбайх эе эвийг эрхэмлэсэн, эрдэм билэгт нэгэн байжээ/ хааны ноёрхол суларч асан 1700-аад оны эхэн үед түүний 5-р хөвгүүн Илдүүжийн ач хүү Цагаан Данзан авгаа Манжийн төрд худалдаж олж авсан хэргэмээрээ энэхүү Хэнан шенгийн монголчуудын анхны Чин вангаар өргөмжлөгджээ.  Чухам энэ үе бол Хэнаны монголчуудын алтан сайхан цаг үе байжээ. Манжийн төрд нүүртэй эзэн вантайн хувьд өнгөтний дээдийг өмсөж амттаны сайныг зооглож эхэлсэн тэд Чин вангаа бурхан лугаа шүтэж байхдаа энэ нь тэдний хожмын унал мөхлийнх нь бартаат замын эхлэл болохыг мэдсэнгүй.

Цагаан Данзан шарын шашныг хөхиүлэн сайшааж Төвдийн бурхан шашны томоохон төв Лавран хийдийг санаачлан байгуулж эхний ээлжинд 500 монгол залууг сонгон хувраг болгож дуган дацангийнхаа хэтийг цахижээ. Дараа дараагийн Чин вангууд ч Лавран хийдийн “боловсон хүчний” энэхүү уламжлалыг сахин хадгалж эрдэмтэй монгол залуусыг сүмийн горлом руу илгээхийн зэрэгцээ бурханы шавь болсных нь төлбөрт эд агуурс, гэр малаар урамшуулан тэтгэсээр байсан юм. Ийнхүү бурханы номхон шавь нар олшрохын хэрээр ард нийтээрээ Лавран хийдээс өөр харах бараа хандах зүггүй болж нэг л мэдэхэд боолчилж явсан төдүүдийнхээ боол нь болжээ.      

Одоо эндэхийн монголчуудыг монгол гэж хэлэх аргагүй болж. Өгүүллийн эхэнд дурдагдсан хүлхгэр дээлтэй хүрэн улаан төвдүүд шүү дээ тэд маань. Харин монгол хэлээ мэдэхгүй ч монголоороо дуу сайхан дуулчихдаг аж. Дууныхаа утгыг мэдэхгүй ч, бүр нэг сэтгэлээсээ дуулна. Шенгийн төвөөс холгүйхэн өвөлжиж байгаа малчдынхаар хэсэж явахдаа энэ нэг дууг өр шимшрэн сонссон юм. Настай аав гэрийнхээ гадаа араг тохойлдон суучихаад жаахан сөөнгө боловч аргилхан хоолойгоор ийнхүү дуулна.

Өндөр өндөр уулан дээр гарвал

Жороо морио санана

Яагаад саналаа гэвэл

Жороолж явснаа санана

Өндөр өндөр уулан дээр гарвал

Ах дүүгээ санана

Яагаад саналаа гэвэл

Наадаж байснаа санана

Өндөр өндөр уулан дээр гарвал

Эзэн ноёноо санана

Яагаад саналаа гэвэл

Эзэлж явснаа санана

Өндөр өндөр уулан дээр гарвал

Үрээ морио санана

Үрээ мориндоо мордохоор

Үг хэлтэй байснаа санана...

Тэд лам хүнтэй тааралдвал малгайгаа авч хүндэтгэдэг. Бас монгол хэлтэй хүнтэй тааралдвал өөрийн мэдэлгүй малгайгаа аваад нүдэнд нь нулимс цийлэгнээд ирдэг...

Үндэсний тэтгэлэг буюу 70000

2012 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Энхбадрал


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгох тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой журмыг баталсан билээ. Энэ талаар болон боловсролын салбарын зарим асуудлаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Засгийн газраас оюутнуудад сар бүр олгох үндэсний тэтгэлгээс гадна урамшуулал олгохоор болсон гэх юм. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Засгийн газрын хуралдаанаар Сургалтын төрийн сангийн журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өмнө нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдаж, Засгийн газрын тусгай сангийн хууль гээд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан аттестатчлагдсан их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг олгохоор болж байна. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх буюу 70 мянган төгрөгийг сар бүр олгоно. Үүнээс гадна урамшуулалт тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Урамшуулалт тэтгэлэгт 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй бакалаврын ангийн суралцагч, олон улсын магадлан итгэмжлэлтэй болон гадаадын их, дээд сургуультай хамтарсан сургуульд 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа сурагцагчид, мөн эрэлт ихтэй мэргэжлээр ерөнхий шалгалтаа 720-иос дээш оноо авсан элсэгчдэд 105 мянган төгрөгийн урамшуулалт тэтгэлэг олгоно. Түүнчлэн улсын болон олон улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчдад 140 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо.

-Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах боломж хэвээрээ юу?
-Сургалтын төлбөрийн хувьд бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг олгодог байх нь зөв гэж үзсэн. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаар 600 буюу түүнээс дээш оноо авсан суралцагчид сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй. Тухайн сургуульдаа 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид болон хагас өнчин, малчин өрхийн хүүхэд, өрхийн нэг гишүүнд ноогдох орлого нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн хүүхэд, гэрээт цэргийн албыг хоёроос доошгүй жилийн хугацаатай хаасан суралцагчдад сургалтын төлбөрийн зээл авах эрх нээгдсэн. Гадаадад суралцагсдын хувьд магистрт суралцаж байгаа оюутнуудад хоёр жил, докторантурт суралцаж байгаад нь гурван жил, докторын дараах сургалтад нэг жилээр зээл олгохоор заасан. Харин дотоодод, Засгийн газар эрэлт хэрэгцээтэй гэж үзэж байгаа мэргэжлээр суралцагчдад 3-аас дээш голч дүнтэй оюутнууд гурав, дөрөвдүгээр дамжаандаа зээл авч суралцаж боломжтой болсон.

-Засгийн газраас ямар мэргэжлүүдийг эрэлт хэрэгцээтэй гэж үзэж байгаа вэ?
-Засгийн газраас 20 мэргэжлийг эрэлт хэрэгцээтэй гэж үзсэн. Энд автозамын барилга, бага боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны багш, геологи, гидрогеологи, гидромеханик, усны нөөцийн экологи, уул уурхайн ашиглалт, технологи, уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт, малын эмч гэсэн мэргэжлүүд багтсан. Мөн мэдээллийн систем, нефтийн хадгалалт, тээвэрлэлт, сантехник, инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нанотехнологи, дүрс оношлогоо, цөмийн энергийн технологи, эмнэлзүйн анагаах ухаан гэсэн мэргэжлүүд бий.

-Оюутнууд тэтгэлгээ хэзээнээс авч эхлэх вэ?
-Үндэсний тэтгэлгийг энэ сараас олгоно. Харин урамшуулалт тэтгэлгийг сурлагын дүнг харгалзан олгоно. Голч дүн нь 2.8-аас 3.2-д хүрэхгүй байгаа оюутнууд зөвхөн үндэсний тэтгэлэгт хамрагдана. Гэхдээ тухайн сургууль аттестатчлагдсан байх шаардлагатай. Одоохондоо аттестатчлал дуусаагүй байгаа учраас магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутнуудад олгох юм. Энэ ондоо багтаж бүх сургуулийг аттестатчилж дуусна.

-Хэчнээн оюутан тэтгэлэгт хамрагдах вэ?
-Их, дээд сургуулиудын өдрийн ангийн 150 гаруй мянган оюутан хамрагдана. Гэхдээ тухайн оюутан суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан байх ёстой. Хичээл тасалдаг оюутнууд тэтгэлэгт хамрагдахгүй гэсэн үг.

-Гадаадад суралцаж байгаа оюутнууд тэтгэлэгт хамрагдах уу?
-Тэртэй тэргүй гадаадад ямар мэргэжлээр суралцуулах вэ гэдгээ Засгийн газар холбогдох яамдаас санал авдаг. Ингээд мэргэжлийн жагсаалт гаргадаг. Жагсаалтын дагуу тэтгэлэг олгож байгаа.

Чөлөөт ярилцлага

2012 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Энхбадрал

Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Одооноос эхлэн блогтоо тэнхмийн багш нарынхаа бүтээлүүд болон ярилцлагыг оруулж байхаар боллоо. Салхи хагалж Ш.Оюунханд багшийн www.tsagtur.mn  сайтын 25 хариулт хэсэгт өгсөн ярилцлагыг орууллаа. Уншаад сэтгэгдэл үлдээгээрэй.

25 хариулт

Нэр: Ш.Оюунханд

Төрсөн газар: Сэлэнгэ аймаг Сүхбаатар хот

Багын мөрөөдөл: Том болохоороо онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөг байлаа
Ажил, бүтээл МУИС-ийн НШУС социологи-нийгмийн ажлын тэнхмийн багш, доктор, профессор, Бүтээлүүд: “Монголын нийгэм дэх гаж үзэгдлүүд, түүний социологийн асуудлууд”, “Нийгмийн девиаци ба амиа хорлохуй”, “Нийгмийн ажлын сургалтын гарын авлага” зэрэг нэгэн сэдэвт бүтээлүүд
Бахархал: Социологич, багш мэргэжлээрээ
Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсэж байна вэ, яагаад?
  - Төр засаг нь бодлогын түвшинд байна уу, хамтарсан төслийн хэлбэрээр байна уу аль нь ч байсан авч явуулж буй арга хэмжээ түүний үр өгөөжийн эцсийн шалгуур нь хүмүүсийн амьдрал сайн сайхан байх, тэр дундаа нийгмийн дунд ангийн амьжиргаа л тухайн улс орны амьжиргааны дундаж түвшингийн өсөлтийг харуулдаг. Тиймээс дунд ангиа дэмжсэн бодлого явуулаасай гэж боддог.
Биширдэг түүхэн хүн тань?
 - Мандухай сэцэн хатан.
Уншсан номуудаасаа гурвыг магтвал…
 - Ф.Фукуяма “Их задрал”, Э.Фромм “Эрх чөлөөнөөс дайжихуй”, Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир”
Та багадаа хэн шиг болохыг хүсдэг байсан бэ?
 - Түвдэнгийн Бор шиг.

 Дэлгэрэнгүй»

Бусдаас суралцъя...

2011 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Энхбадрал
http://test.must.edu.mn/lessons/show/id/74  Манайхан ороод үзээрэй - ШУТИС-ийн нийгмийн технологийн сургуулийн вэб. Нийгмийн ажил мэргэжлийн талаар тодорхой системтэй ойлголт өгөхүйц тайлбар бүхий хичээлүүд байна. Манай МУИС-н вэб сайт хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн танилцуулга, аль хоцрогдсон хэнд ч хэрэггүй мэдээлэл оруулж байхаар ШУТИС-н сайтаас жишээ авч ямар мэргэжилтэн бэлтгэдэг талаараа ойлголт өгөхүйц мэдээлэл оруулдог болмоор юм даа.